Далайн түвшнээс дээш 900-1300 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангай Хэнтийн уулархаг их мужид, геоморфологийн хувьд Дархан-Уулын өвөр, шарын голын хөндийд ерөнхийдөө хотгор газар оршино. Газар хөдлөлийн эрчим 7 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий хангайн бүсэд багтдаг .
Нийт газар нутгийн хэмжээ 9553 га.
Сумын хэмжээнд 2012 онд 37002 толгой мал тоологдсоноос 1763 адуу, 4660 үхэр, 17212 хонь, 13367 ямаа байна. Үүний 4,8 мянган толгой нь цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн мал байгаа нь нийт малын 12,9 хувийг эзэлж байна. 318 мал бүхий өрх, үүнээс малчин өрх 134 байна Энэ нь нийт өрхийн 21,3 хувийг эзэлж байгаа нь тус сум нь үйлдвэржсэн, хотожсон сум болох нь харагдаж байна.
Сум нь Улаанбаатараас 240 км хатуу хучилттай, 40 км шороон авто зам, 396 км төмөр зам, аймгийн төвөөсөө 70 км сайжруулсан шороон авто зам 63 км төмөр замаар холбогдсон.
Сумын төвд ОХУ-ын техникийн тусламжтайгаар 1960 онд эхний ээлжийн гүний худгууд ашиглалтанд орж 1980 онд өргөтгөл хийж байсан бөгөөд одоо цэвэр усны эх үүсвэрүүд нь Буянтын аманд хоорондоо 200 м зайтайгаар 2 гол шугам бүхий 8 худгаас 7 нь ажиллаж байна. Уг худгуудад ЭЦВ-10-63-150, ЭЦВ-8-40-120 маркийн насосууд суурилагдсан бөгөөд хүчин чадал нь 7200 м3 юм. Өнөөгийн байдлаар 2300-2600 м3 унд ахуйн ус түээх цэвэр ус олзворлоход гүний 2-4 худаг ажиллаж байна. Төвлөрсөн усан хангамжийн системд 950 гаруй өрх, 50 гаруй аж ахуйн нэгж холбогдож, гэр хорооллын 1000 гаруй айл өрх, ААНБ-ууд ус түгээх 7 байрнаас усаа авч байна.Усан сан нь 1, 2 дугаар өргөх станцаас бүрдэх бөгөөд 1 дүгээр өргөхөд 250 м3-1ш, 2 дугаар өргөхөд 1000м3 -2ш резервуартай, Д320/50 маркийн 5 ком насосоор дамжуулан цэвэр усыг шахдаг. Одоогоор 2 дугаар өргөх станцын барилга цуурч шаардлага хангахгүй болсон.
Сумын төвд 1964 онд 102 мвт буюу 88 гкал дулаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадал бүхий уур болон усан халаалтын 7 зуух ашиглалтанд орж 1983 онд өргөтгөл хийж байсан ба одоогоор томоохон хэрэглэгч болох нүүрсний уурхай бие даасан халаалтын зуухтай болсон тул сумын хэрэглээнд зориулагдсан 15,4 мвт буюу 13,2 гкал/цаг суурилагдсан хүчин чадалтай ДЗЛ маркийн 4 зуухыг 2006 онд ашиглалтанд оруулан ажиллаж байна. Шарын гол ХК, 6 дугаар сургуулийн харьяа бие даасан жижиг уурын зуухууд ажиллаж байна.
Тус сумын нийт хүн амын 92,4 хувь нь сумын төвд амьдардаг, нүүрс олборлодог томоохон үйлдвэрлэлийг түшиглэн байгуулагдсан харьцангуй хотожсон сум юм. Уурхайн үйл ажиллагаа нэгэн хэсэгт зогсонги байдалд орсон байсан ч сүүлийн 2 жилд нэлээд тогтворжиж үйлдвэрлэл нэмэгдэж эхэлж байгаагаас шилжин явагсдын тоо буурч эхэлж байна. Сумын хүн амын 62,2 хувь нь хөдөлмөрийн насныхан, 30,7 хувь нь хүүхэд, 7,1 хувь нь ахмад настан байна.
Шарын гол сум нь Засаг захиргаа-үйлдвэр-үйлчилгээний үүрэг давамгайлсан тосгон юм. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр боловсруулахаар төлөвлөж байна. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:- орон сууц, олон нийтийн бүс 291 га- үйлдвэрлэлийн бүс 24,4 га- ногоон байгууламж, амралт, биеийн тамирын зориулалттай бүс 6,4 гаТус сумын нийт 815 хашаатай өрх айлаас өнөөгийн байдлаар 715 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 91,89 га өмчилж, 25 иргэн өвөлжөө хаваржааны зориулалтаар 18,36 га, 16 иргэн төмс хүнсний ногоо тарих зориулалтаар 54,2 га газар эзэмшиж байна. ААНБ-уудын хувьд төрийн үйлчилгээний 17 байгууллага барилга байгууламжийн зориулалтаар 12,99 га, 2 ААНБ төмс хүнсний ногоо тарих зориулалтаар, 46 ААНБ барилга байгууламжийн зориулалтаар, 16 ААНБ ашигт малтмал олборлох зориулалтаар нийт 64 ААНБ 3122,09 га, гадаадын хөрөнгө оруулалттай 6 ААНБ –д 219,9 га талбай ашигт малтмал олборлох зориулалтаар эзэмшиж байна.
Шарын голын нүүрс нь хүрэн нүүрснээс чулуун нүүрсэнд шилжих үеийн нягт бат бэх барьцалдсан хар өнгийн агаарт сайн хадгалагддаг өөрөө шатамхай нүүрс бөгөөд Б-3 маркад хамаардаг. Эрдэс баялагийн зөвлөлөөр 1978 онд нүүрсний чанарыг 3900-4200 ккал-н илчлэгтэй гэж бүртгэсэн ба 2010 онд олон улсын JORС стандартын дагуу хийгдсэн лабораторын шинжилгээний үр дүнд нийт нөөцийн 66-40% нь 11-14%-н үнслэгтэй хүхэрлэг багатай, 6025-6076 ккал илчлэгтэй гэж тогтоогдсон нь эрчим хүчний сайн чанарын бүтээгдэхүүн гаргах боломжтой. Нүүрсний борлуулалтынхаа 90%-г Дархан Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцуудыг хангадаг.
Тахилгат Их Дархан уул
“Их бодь суврага” хөшөө
Шарын гол сум нь орчин үеийн барилга байгууламж, дэд бүтэц сайн хөгжсөн, хүн амын суурьшилын нягтрал ихтэй, амьдран суухад тохилог Монгол улсын томоохон сумуудын нэг билээ. Сумын газар нутаг нүүрс, алт, ой болон бусад түгээмэл тархацтай байгалийн баялгаар арвин тул барилгын материалын болон, бусад жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх бүрэн боломжтой. Тус сумаас 6 хөдөлмөрийн баатар, 9 гавьяат цолтон, улсын начин, улсын мэргэн, олон улсын мастер төрсөн.
Боловсрол: | 0.786891000 |
Эрүүл мэнд: | 0.618901666 |
Эдийн засаг: | 0.576264285 |
Бусад: | 0.608440000 |
Дэд бүтэц: | 0.751300000 |
Байгаль орчин: | 0.166665000 |
Удаан үргэлжлэх хүйтэн өвөл, үе үе цочир хүйтрэл болтлоо сэрүүсдэг зун, өдөр нь нэлээд халж, шөнө нь их хөрөх зэрэг эх газрын эрс тэс уур амьсгал бүхий хүйтэн мужид багтана. - 1 дүгээр сарын дундаж температур -23,6 С- 7 дугаар сарын дундаж температур +28,8 С- жилийн дундаж салхины хурд 3,9-4,1 м/с- жилийн хур тунадасны нийлбэр 324,8 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 800,6 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 3344,7 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 26,5 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 403,3 сая төгрөг байна. Нийт зардлын 50,8 хувь нь цалин, 5,6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 42,2 хувийг урсгал шилжүүлэг, 1,4 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд бүртгэлтэй 147 аж ахуйн нэгж байгууллага байгаагаас 96 ААНБ нь тогтмол үйл ажиллагаа явуулж 13,9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 1559,0 сая, аймагт 600,8 сая, орон нутагт 406,9 сая, нийт 2566,7 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Тус суманд жилд 12,2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Шарын гол” ХК, 39,3 мянган Гкал дулаан үйлдвэрлэгч Дулаан шарын гол ТӨХК, Модны үйлдвэрлэл, ХААН, Хадгаламж банкны тооцооны төв, худалдаа нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд аж ахуйн нэгж байгаа нь тус сумын эдийн засгийн бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна.
Сумын хэмжээнд нийт 59,6 га-д төмс, хүнсний ногоо тариалж, 826 тн төмс, хүнсний ногоо хураан авчээ. Сумын газар нутгийн хэмжээ бага тул гэр хорооллын айл өрхүүд хашаандаа ногоо таридаг ба зэргэлдээх сумын нутагт 1-2 га-д төмс хүнсний ногоо тариалдаг 10-аад иргэн байдаг.
Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1985 онд баригдсан 110/6 квт-ийн дэд станцтай.
Сумын ус цэвэрлэх байгууламж нь 1984 онд ашиглалтанд орсон. 1,2 дугаар шатны тунгаагуур, биологийн цэвэрлэгээ бүхий хоногт 3000 м3 саарал усыг цэвэрлэх хүчин чадалтай, 30 гаруй км урт бохирын шугам хоолой бүхий ОХУ-ын техник технологид суурилсан иж бүрэн байгууламж юм.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай тав болон хоёр давхар 49 байранд 956 өрх, 700 гаруй өрх бусад нь амины орон сууцанд, бусад нь гэрт амьдарч байна. Анхны барилгууд нь 1963 онд баригдаж байсан ба 1989 оноос хойш нийтийн инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 9 болон 12 жилийн 2 сургуулийн 60 бүлэгт 1536 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 15 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 88.1 хувь, суурь боловсролын хамран сургалт 86.3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна.Суманд 50-140 хүүхдийн багтаамжтай 3 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа боловч 30-70%-ийн нэмэлт ачаалалтай ажиллаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 64,0 хувь байна.
Суманд 1988 онд байгуулагдсан 40 ортой 1 эмнэлэг, өрхийн эмнэлэг, 35 ортой Мэргэжлээс шалтгаалах өвчний сувилал, 3 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 10 их эмч, 38 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна. 2012 онд сумын эрүүл мэндийн төвд нийт 74 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг дотор нь авч үзвэл халдварт бус өвчлөл 1307, осол гэмтэл 97, халдварт өвчлөлийн 52 тохиолдол гарсан байна.
Соёлын төвийн тоосгон барилга нь 1966 онд ашиглалтанд орсон 250 суудалтай. 2012 онд давхардсан тоогоор 41896 хүнд урлагийн тоглолт, үзвэр үйлчилгээ үзүүлсэн ба хүүхэд залуучуудын урлагийн 7 дугуйлан, номын сангийн үйлчилгээ явагддаг.Ахмадуудын чөлөөт цагаа өнгөрөөх зориулалттай ахмадын байр нь 2008 онд улсын төсвөөр баригдсан. 1988 онд байгуулагдсан 1012 м2 бүхий талбайтай спорт ордонг 2012 онд хувийн хэвшлийн эзэмшлээс төрийн мэдэлд хүлээн авсан ба одоогоор үйл ажиллагаа нь бүрэн жигдрээгүй байна. Энэ ордонд сумын томоохон уралдаан тэмцээн зохион байгуулагддаг. Сурагчдын спортын секц дугуйлангууд сургуулиуд дээрээ явагддаг. Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд одоогоор 52 дэлгүүр, нийтийн хоолны 7 цэг, үсчин гоо сайхны 8, гутал засварын 1, оёдлын 5, салангид үйл ажиллагаа эрхэлж байна. Халуун усны газар 2 шинээр баригдаж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 130 иргэд байгаагийн 19,2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13,8 хувийг дээд, 6,1 хувийг тусгай дунд, 46,1 хувийг бүрэн дунд, 6,1 хувийг бүрэн бус дунд боловсролтой, 27,9 хувийг бага буюу огт боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Одоогоор баригдаж байгаа барилга байгууламж байхгүй. 150 хүүхдийн дотуур байрны барилгын тендер зарлагдан үнэлгээний шатандаа явж байна.
- Малын индексжүүлсэн даатгал төсөл- Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан- Тогтвортой амьжиргаа-II төсөл- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих - Тариалан эрхлэлтийг дэмжих сан- Мал хамгаалах сан
“Найрамдал” хөшөө
Тус сум нь “Улс аймгийн загвар сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:• Өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин ажлын байр бий болгож ажилгүйдлийг бууруулах;• Төрийн байгууллагуудын үйлчилгээг ил тод, нээлттэй, хөнгөн шуурхай, шударга болгож хяналт тавих үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх;• Хот төлөвлөлтийн шинэчлэлтийг хийж, бүтээн байгуулалтын ажлыг шийдвэрлэх;• ХАА-н бүтээгдэхүүний зах зээлийг төвлөрүүлж сүү мах хадгалах зоорь, боловсруулах үйлдвэр байгуулж хүнсний хангамжийг нэмэгдүүлэх;.• Уул уурхайн үйлдвэрлэлийн хариуцлагатай, тогтвортой, үр өгөөжтэй байдлыг дээшлүүлж хяналт тавьж хамтран ажиллах;