ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Архангай аймгийн Хайрхан сум нь 1681-1911 онд Халхын баруун гарын өмнөд этгээдийн улсад туслах гүнгийн хошуу, 1911-1923 он Сайн ноён хан аймгийн саруур гүний хошуу, 1923-1931 он Цэцэрлэг мандал аймгийн Цонхайлин уулын хошуу, 1931 оноос Архангай аймгийн Хайрхан сум болсон байна.  Асгат, Хайрхан, Жарантай, Өгөөмөр, Могой гэсэн засаг захиргааны анхан шатны 5 багийн 1093 өрхөд 3745 хүн амьдардаг. Хүн амын тоогоор 19 сумаасаа 8 –д, газар нутгийн хэмжээгээр 14-д тус тус ордог. Хүн амын нягтшил 1га талбайд 1,4 хүн ногддог сум юм.


Далайн түвшнээс дээш 1200-2204 м өргөгдсөн. Газар хөдлөлтийн эрчим 7 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Физик газар зүйн хувьд хангай уулсын мужид багтдаг. Ойт хээрийн бүсийн 16.8 хувь эзэлдэг. Үүнд: Шинэс, хус, бургас, улиас зэрэг модод ургадаг. Монгол оронд байдаг гүзээлзгэнэ, аньс, самар, мөөг, хад, үхрийн нүд, тошлой, таван салаа, тарваган шийр, эмийн нэн ховор ургамал элбэг ургадаг. Уул нуруу хөвчдөө буга, согоо, бүргэд, тас, хэрэм, хүдэр, бор гөрөөс, үнэг, хярс, тарвага, зурам зэрэг амьтан ургамал элбэг байдаг. Өвөрмөц сонин тогтоц бүхий нутгийн шүтээн Хайрхан уул нь далайн түвшнээс 1775 м өндөр, Их, Бага хайрхан, хойд урд хүнгий гэсэн 4 үндсэн хэсгээс тогтсон гоёмсог сайхан төрхтэй, эгц босоо илгэн хадтай, явган бут сөөг асаж ургасан, ар талаараа битүү ойгоор бүрхэгдсэн тахилгат уул юм.Нутгийн баруун хэсэгт Гүн нуур, Дуут нуур, хойд талд Хаг, Шаргын нуур, зүүн урд хэсэгт Цагаан нуур, нутгийн төв хэсгээр Хүнүйн гол, хойд хэсгээр Хануйн гол, урд хэсгээр Жарантайн гол урсдаг. Уу булан, Бух, Урт шивэрт, Цахиурт, Тахилт, Ланс, Өл, Өгөөмөр зэрэг хүхэрлэг рашаантай. 


Нийт газар нутгийн хэмжээ 254661,7 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 222106 толгой малтайгаас 1 тэмээ, 20319 адуу, 17462 үхэр,122990 хонь, 61334 ямаа байна. 

Зам тээвэр


Улаанбаатараас Мөрөн орох хамгийн дөт зам тус сумаар дайран өнгөрдөг бөгөөд Эрдэнэт Дархан хотуудаас баруун аймаг орох уулзвар цэгт оршдог. Хайрхан сумаас Улаанбаатар хот хүртэл 450 км замын 120 км шороон зам, 330 км нь хатуу хучилттай зам байдаг. Бусад багуудтайгаа шороон замаар холбогддог.Эрдэнэт хот хүртэл 210 км хүрэх замын 90 км зам нь шороон зам, 120 км хатуу хучилттай зам байдаг.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 5 худаг, 2 усан сан ашиглалтаас гарч гүний худгаас усыг шууд насосоор татан зөөлрүүлэн түгээж байна. Гүний худгаас 271 өрх, 5 албан байгууллага ундны болон ахуйн хэрэглээний усаа хангаж байна

Дулаан хангамж


Сумын төвийн хэмжээнд ЗДТГ, Сургууль, хүн эмнэлэг, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв зэрэг төсөвт албан байгууллагууд нам даралтын халаалтын тогоогоор дулааны хэрэгцээгээ хангаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь төв замуудын уулзварт байршдаг, бэлчээр нутаг дэвсгэр сайтай, мал аж ахуйд учрах эрсдэл бага зэрэг хүчин зүйлс нь хүн амын шилжилт хөдөлгөөнд эерэгээр нөлөөлж байна. 

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульӨгөөмөр багийн нутагт байршилтай1926 онд Цонхлон Хайрхан уулын хушуу ноёны ивээл доор байгуулагдаж, байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургууль нь улсын нэгдсэн программаар хичээллэж, бага сургууль болон өргөжиж, 1940 онд анхны 4-р анги, 1967 онд ерөнхий боловсрол хөдөлмөр политехникийн 8 жилийн дунд сургууль, 1991 онд 10 жилийн дунд сургууль болон 1993 онд анхны 10-р ангийг төгсгөв. Одоо 12 жилийн сургалттай сургууль болсон байна. Захирал, сургалтын менежер-2 , нийгмийн ажилтан-1, багшлах боловсон хүчин 38, захиргаа аж ахуй -36 ажиллагчидтай. Багш нараас АБТА-14, биеийн тамирын тэргүүний ажилтан -2 , тэргүүлэх мэргэжлийн зэрэгтэй багш-2, заах аргач зэрэгтэй багш-22 тус тус ажиллаж байна. 2 хичээлийн байранд 24 бүлэг 710 суралцагчтайгаар 2 ээлжээр хичээллэж хичээлийн батлагдсан хөтөлбөрөөр хуваарийн дагуу явуулдаг. Мэдээлэл зүй, биологи, хими, физик, монгол бичиг, бага ангийн хичээлийн кабинеттай. 320 хүүхдийн хичээлийн байр нь 1974 онд баригдсан зориулалтын барилга400 хүүхдийн хичээлийн байр нь 2005 онд баригдсан тоосгон зориулалтын барилга боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 37 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургууль нь мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан. 

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэг нь 1968 онд 25 хүүхдийн 1 бүлэгтэй 5 орон тоотой үйл ажиллагаа эрхэлж байсан цагаас хойш өдгөө 45 дахь жилдээ ажиллаж байна. Хүүхдийн цэцэрлэгийн барилга нь 1985 онд 50 хүүхдийн хүчин чадалтайгаар баригдаж ашиглалтанд орсон. 50 хүүхдийн хүчин чадалтай боловч одоогоор 120 хүүхэд хүмүүжиж, 19 багш, ажиллагчидтай байна. Гэр цэцэрлэгт 50 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94,0 хувьд хүрсэн. Хүүхдийн цэцэрлэгӨгөөмөр багийн нутагт байршилтай50 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 120 хүүхэд хүмүүжиж байна19 багш, ажиллагчидтай 1985 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга 

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвӨгөөмөр багийн нутагт байршилтай 13 ортой3 их эмч, 7 бага эмч, 5 сувилагч нийт 32 ажиллагчидтай  1985 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангасан инженерийн бие даасан хангамжтай.

Соёлын төв


Соёлын төвӨгөөмөр багийн нутагт байршилтай300 хүний суудалтай6 ажиллагчидтай1985 онд ашиглалтанд орсон тоосгон барилга

Шашин сүм хийд


Сүсэгтэн олныхоо дэмжлэгтэйгээр хувийн гандан 1 ажилладаг.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 39 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 51,3 хувийг эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 2 хувийг дээд, 17,5 хувийг тусгай дунд, 23,5 хувийг бүрэн дунд, 39 хувийг бүрэн бус дунд, 7,2 хувийг мэргэжлийн анхан шатны, 10,7 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


2012 онд ЕББДС-д 60 сая төгрөгийн өртөгтэй 320 хүүхдийн хичээлийн байрын коридорын засвар, хүүхдийн цэцэрлэгийн дээврийг шувуун нуруугаар сольж шинэчлэхэд 50 сая төгрөгийн, соёлын төвийн дээвэр, дотор талын өрөө тасалгааг засварлахад 89 сая төгрөг бүгд 199 сая төгрөгийн ажил хийгдсэн. Суманд орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын санал авахад:-320 хүүхдийн хичээлийн байрыг шинээр бариулах-150 хүүхдийн дотуур байрыг шинээр бариулах-Хүн эмнэлгийг стандартын дагуу шинээр бариулах-Хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийн шинээр бариулах -Хүнүйн голын гүүрийг шинээр бариулах-Хайрхан багийн төвийг шинээр бариулах-Ахуй үйлчилгээний төвийг шинээр бариулах зэрэг саналууд гарсан. Судалж үзэхэд одоо ашиглаж буй эдгээр барилгуудад мэргэжлийн байгууллагын зүгээс шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргасан байна.  

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан төсөлСум хөгжүүлэх сангийн төслүүд

Сумын хөшөө дурсгал


Даян аварга Ц.Чимэд-Очирын хөшөө /1916-1985/Ц.Чимэд-Очир нь 1916 он одоогийн Архангай аймгийн Хайрхан сумын нутагт ард Цэдэндоржийн 2 дахь хүү болж мэндэлсэн. Ц.Чимэд-Очир нь 14 настайгаасаа овооны наадамд зодоглож эхэлсэн бөгөөд 16-17 настай болмогц хэн хүнд амархан унчихдаггүй “хатуухан боорцог” болтлоо хөгшчүүлийн анхаарлыг татаж чаджээ. 1943 онд Ардын хувьсгалын 22 жилийн ойд байлдагч Чимэд-Очир нэг их тэвдэж ядралгүйгээр 5 давж Улсын начин хэмээх эрхэм хүндэт цолыг хүртсэн. 1943 онд Улсын их баяр наадамд анх удаагаа барилдаж 5 даван Монгол улсын начин, 1944 онд 9 давж түрүүлэн Монгол улсын заан цолыг алгасан арслан цол, 1946 онд 9 давж үзүүрлэхэд нь аварга цол, 1950 онд 9 давж түрүүлэхэд нь даян аварга, 1952 онд 8 давж үзүүрлэхэд нь улс даяар дуурсах чимэгтэй даян аварга цол хүртжээ. 

Сумын хөшөө дурсгал


1921 оны Ардын хувьсгалын партизан Б.Рагчаа, Ц.Шагдар Б.Рагчаа нь 1888 онд төрсөн түүний 7 настай байхад нутгийн тайж Галсанравдан хэмээх эрдэм номтой хүнд шавь оруулан өгч монгол хэл бичиг заалгажээ. Б.Рагчаа 14 настай байхад харъяат Тамгын газар бичиг үсгийнх нь чадварыг шалгаж үзээд сайн боловсорсон хэмээн үзээд зүүн багийн дансны түшмэлээр томилжээ. Тэрээр 14-21 насыг хүртэл бичгийн алба хашсан. Монгол оронд автономит Засаг мандах үед цэргийн албанд мордож Хужирбулангийн цэргийн ангид 2 жил алба хаагаад шүүх яамны айлтгалын бичээчийн албанд томилогджээ. Энэ үед Чойбалсантай анх танилцжээ. 1921 онд БНМАУ-ын тусгаар тогтнох явдлын төлөө феодализмыг устгах ба гадаадын эзэрхэг түрэмгийн нарыг эсэргүүцэж хөөн гаргах тэмцэлд идэвхитэй оролцсон гавъяаг нь үнэлж ардын хувьсгалын партизаны 364 тоот дэвтэрт дурьдсан анхны партизануудын нэг юм. 

Сумын онцлог


Эрдэнэт, Булган аймгийн нэгдсэн эрчим хүчний сүлжээнд холбогдсон тул жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлж, үйлдвэрлэл үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх боломжтой.Шилэн кабелийн сүлжээнд холбогдсон тул интернетийн бүх талын үйлчилгээг авах боломжтой.Сумын эдийн засгийн үндэс болсон бэлчээрийн мал аж ахуй жил бүр өсч байгаатай холбогдуулан өндөр ашиг шимтэй мал аж ахуй эрхлэх боломжтой.Тус сум нь аймгийн төвөөс 175км оршдог. Тойрон хиллэдэг сумд нь 50-70 км оршдог тул бөөний худалдааг хөгжүүлэх боломжтой.Газар тариалангийн 18000га атаршсан талбайтай бөгөөд үүнийг ашиглан бүсийн сумдын малын тэжээлийг бэлтгэх боломжтой.Мал аж ахуйн эрсдэлээс хамгаалах зорилгоор хашаалсан талбай болон нөөцийн талбайгаас өвс хадлангийн нөөц бүрдүүлэх боломжтой.Боловсон хүчин тогтвор суурьшилтай ажилладаг нь удирдлагын залгамж холбоо сайжирч сум орон нутаг улам сайн хөгжих боломжтой.Хүнүйн голын сав дагуу байрладаг тул усны нөөц сайтай, газар тариалан, чацаргана, жимс жимсгэнэ тариалах, боловсруулах үйл ажиллагаа явуулах боломжтой.  

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.685899000
Эрүүл мэнд: 0.727545000
Эдийн засаг: 0.318778571
Бусад: 0.632165000
Дэд бүтэц: 0.318183333
Байгаль орчин: 1.000000000


Тус сум нь Архангай аймгийн зүүн хойд хэсэгт оршдог. Булган аймгийн Баян-Агт, Сайхан, Архангай аймгийн Өлзийт, Батцэнгэл, Эрдэнэмандал, Цэцэрлэг сумдуудтай хиллэдэг.• Улаанбаатар хотоос 450 км, • Аймгийн төвөөс 175 км зайд байрладаг. 


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С7 дугаар сарын дундаж температур +20 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм Энэ нутаг эх газрын хатуу ширүүн уур амьсгалтай бөгөөд жилд унах тунадасны хэмжээ 300-400мм, 5-8 дугаар сард 20-100мм, 9-12 дугаар сард 0-40мм хур бороо тунадас унадаг. Өвөлдөө /-200с/-/25 0с/ хүйтэн, зундаа /+100с/-/+150с/ хэмийн хэлбэлзэлтэй байдаг. 


Орон нутгийн төсөвМанай сум 2012 онд сумын төсөвт 43,8 сая төгрөг, төсөвт байгууллагын өөрийн орлогод 2,9 сая төгрөг, аймгийн төсөвт 77,3 сая төгрөг, улсын төсөвт 4,8 сая төгрөг, нийт 128,8 сая төгрөгийн орлогыг тус тус төвлөрүүлсэн бөгөөд удирдлагын санхүүжилтэнд улсын төсвөөс 240,6 сая төг, сумын нийт санхүүжилтэнд 1 тэрбум 420 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна. Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 22 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж жилд дундажаар 271.6 сая төгрөгийн бүтээгдэхүүн худалдан борлуулдаг, аймагт 122,1 сая, орон нутагт 2,4 сая төгрөг нийт 46.7 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Манай иргэд аж ахуйн нэгж байгуулагууд нь мал аж ахуйн салбараас жилд 3.7 тэрбум төгрөгийн мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг бөгөөд энэ нь сумын эдийн засгийн бүтцэд гол нөлөө үзүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 8,0-13.5 га-д төмс хүнсний ногоо тариалан 80,0-135,0 тн төмс хүнсний ногоо хураан авсан. Байгалийн хадлан 3600 тн - 4500 тн бэлтгэдэг.

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний системд 1985 онд холбогдсон. 110/35/10 квт-ын дэд станцтай. 

Ариутгах татуурга


Сумын төвд одоогоор ашиглагдаж буй ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж байхгүй байна.

Хүн ам өрхийн тоо


Сумын нийт хүн амын 22.3 хувь нь сумын төвд амьдардаг. Нийт хүн амын 54 хувь нь залуу болон дунд насныхан, 38 хувь нь хүүхэд, 8 хувь нь ахмадууд байна. 

Орон сууц хангамж


Сумын төвийн өрх хүн амын дийлэнх хувь нь амины сууц болон гэр сууцанд амьдардаг. Цаашид инженерийн бүрэн шийдэлтэй жишиг орон сууцны хороолол барих зорилтыг дэвшүүлсэн.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 24 бүлэгт 684 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 37 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна. Мэдээлэл зүй, биологи, хими, физик, монгол бичиг, бага ангийн хичээлийн кабинеттай. 320 хүүхдийн хичээлийн байр нь 1974 онд ашиглалтанд орсон. Эрэгтэй, эмэгтэй 75 хүүхдийн 2 байртай. 

Дотуур байр


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн хөвгүүдийн дотуур байрӨгөөмөр багийн нутагт байршилтай75 хүүхдийн дотуур байр1974 онд баригдсан зориулалтын барилга

Эрүүл мэнд


1926-1970 он хүртэл бага эмчийн салбар, 1970 онд их эмчийн салбар болон өргөжиж эдүгээ хүртэл ажиллаж байна. Одоо тус эмнэлэг нь үйлчлэх хүрээний хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, хүн амын дунд эрүүл мэндийг дэмжих хөдөлгөөн, эх нялхасын эндэгдэл гаргахгүй ажиллахын төлөө нийт 32 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Соёл спорт


300 хүний суудалтай Соёлын төвийн тоосгон барилга 1985 онд ашиглалтанд орсон. Нийт 6 ажиллагчидтай. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явуулдаг.Тус суманд Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, хүнс барааны 22 дэлгүүр, нийтийн хоолны 1 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 2, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг үйл ажиллагаа эрхэлж байна.

Спорт заал


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт заалӨгөөмөр багийн нутагт байршилтайХүүхэд залуучуудын чөлөөт цаг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас бие бялдрыг чийрэгжүүлэх спорт заал байхгүй байна. Иймд орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан спорт заалыг шинээр барих шаардлагатай.

Ажиллах хүч салбараар


Төрийн албанд хүн 157 ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Хайрхан сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: хөдөө аж ахуйн бүс 17,3гаорон сууц, олон нийтийн бүс 33гаүйлдвэрлэлийн бүс 2,3 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 1,3Өнөөгийн байдлаар \536 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар \450259 м2 газар өмчилж 187 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 13,1га газрыг иргэнд эзэмшүүлэн баталгаажуулсан байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилга Өгөөмөр багийн нутагт байршилтай21 ажиллагчидтай1985 онд баригдсан зориулалтын барилга1990 оны эхээр улс орон зах зээлийн эдийн засагт шилжих явцад өмчлөлөөр “Хамтын зориг” нэгдэл тарж, 1992 онд батлагдсан Монгол улсын шинэ үндсэн хуулиар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн шинэ бүтэц зохион байгуулалт түүний удирдлагын эрх зүйн үндсийг шинэчлэн томьёолж өгсөн. Өнөөгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зохион байгуулалтаар ажиллаж байна

Сумын сор бүтээгдэхүүн


Хайрхан сум нь айраг, сүү цагаан идээгээрээ алдартай. 2004-2009 онуудад Улаанбаатар хотод зохиогдсон цагаан идээний үзэсгэлэн худалдаанаас айргаар Могой багийн иргэн Н.Даваажав, Лувсандорж, цагаан идээгээр Рэнцэндорж, Дүүриймаа нар тус тус шалгаран тэргүүн байруудыг эзэлж байсан. 2009-2011 онуудад бүсийн цагаан идээний үзэсгэлэн худалдаанд Д.Намчингийн айраг шалгарч байсан. 2011-2012 онуудад Архангай түншлэл үзэсгэлэн худалдаанд Могой багийн иргэн М.Даш оролцон 2011 оны хамгийн том ургасан шийгуаны эзнээр шалгарч байсан.Тус сум нь дээр үеэс уламжилсан суран эдлэл хийдгээрээ алдарт гарсан бөгөөд ахмад /асан/ Дамбий нь адуу, үхрийн ширийг боловсруулан хөдөө аж ахуйн уналга эдэлгээнд хэрэглэдэг ногт, ташуур, хазаар, гөлөм, чөдөр тушаа, морин тэрэгний бүхий л тоноглол хийдэг байснаараа алдаршиж, одоо Ю.Алтанхуяг, Ч.Цэрэннадмид нар уламжлалт арга технологийг өвлөн авч суран эдлэл хийж байна.  

Сумын хөшөө дурсгал


Аймгийн хурц арслан Е.Цогной Е.Цогной 1955 онд Хайрхан сумын Хайрхан бригадын нутаг Шанд гэдэг газар төрсөн. 1972 онд 17 настайдаа ардын армид сайн дураараа мордож 2 жил цэргийн алба хаах хугацаандаа 1974 онд үндэсний бөхийн ангийн аварга шалгаруулах тэмцээнд 44 бөх шатарчлан барилдахад 43 давж түрүүлэн ангийн аварга бөх болсон нь түүнд бөхийн спортыг сонирхох дур хүсэл төрүүлжээ. 1977 онд Хайрхан сумынхаа баяр наадамд барилдаж аймгийн начин, нутгийн бөх Бадамжавтай үлдэж түрүүлэн сумын заан цол хүртжээ. Мөн ондоо даян аварга Н.Жамьянгийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаанд 21, бөх шатарчилж барилдсанаас 15 давж аймгийн начин цол хүртэж, 1978 онд ардын хувьсгалын 57 жилийн ойн баяраар 5 давж, аймгийн начин цолоо баталжээ. 1979 онд бүх ард түмний 4-р спартакиадаар аймгийн төв, хөдөөнөөс шалгаран оролцсон 34 бөхтэй шатарчлан барилдаж 28 давж аймгийн заан цол, 1980 онд аймагтаа ардын хувьсгалын 59 жилийн ойгоор баригдсан 28 бөхөөс шалгаран түрүүлж 25 настайдаа аймгийн арчлан цол хүртсэн. Тэрээр 1988 онд аймгийнхаа баяр наадамд аймгийн хурц арслан Ч.Буянгаар 7 давж хоёрдох удаагаа түрүүлж аймгийн идэр залуу хурц арслан цол хүртсэн. 

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “мал аж ахуй, газар тариалан хослон эрхэлж экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:• Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх  • Ажлын байр нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах • Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх• Мал сүргийг эрүүл, ашиг шим арвинтай болгох• Байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх дурсгалын газруудыг түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх